Одоогоор Hardware Engineering-ийн тэргүүнээр ажиллаж буй, Apple-д сүүлийн 25 жил ажилласан Тернус 9-р сарын 1-нээс эхлэн CEO-ийн албыг хүлээн авах бөгөөд Тим Күүк гүйцэтгэх зөвлөлийн дарга болно. Тим Күүк 2011 онд Apple-ийн хамтран үүсгэн байгуулагч Стив Жобс эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа буусны дараа CEO болсон юм. Стив Жобс удалгүй нас барсан билээ.
Тим Күүк энэ зуны турш CEO-ийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, Тернустай хамт шилжилтийг жигд хэрэгжүүлэхээр ажиллана. Үүний дараа тэрээр дэлхийн бодлого боловсруулагчидтай харилцах зэргээр компанийн бусад тодорхой асуудлуудад оролцсоор байх аж. Apple компани 50 жилийн ойгоо тэмдэглээд удаагүй байгаа энэ үед Күүк CEO-ийн суудлаа өгөх болсон нь түүний залгамжлагчийг эрэлхийлж байсан гэх цуурхлыг баталсан хэрэг болов.
Тэрээр CEO-ийн ажлаа: “Амьдралын минь хамгийн том нэр төрийн хэрэг” хэмээн тодорхойлжээ. Күүкийн удирдлага дор Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болсон юм. 2018 онд Apple 1 их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн анхны олон нийтийн компани болж байсан бол өнөөдөр зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд ам.долларт хүрээд байна. Күүк Жон Тернусыг “Инженерийн ухаантай, шинийг бүтээгчийн сэтгэлтэй, шударга ёс болон нэр төрөөр удирдах зүрхтэй алсын хараатай удирдагч” хэмээн тодорхойлжээ. Тэрээр мөн “Apple-ийг ирээдүй рүү удирдан авч явах хамгийн зөв хүн бол яах аргагүй Жон” гэж онцолсон байна.
Apple-ийн дараагийн “бүтээгдэхүүний хүн”
Тернус өнгөрсөн жилээс эхлэн Күүкийн хамгийн магадлалтай залгамжлагчаар нэрлэгдэж байсан юм. Ялангуяа Apple-ийн олон жилийн удирдах ажилтан, COO Жефф Уильямс компанийг орхисны дараа энэ яриа улам хүчтэй болсон юм. Apple-д ажилласан 25 жилийн хугацаандаа Тернус компанийн бараг бүх томоохон бүтээгдэхүүн дээр ажилласан. Үүнд iPad-ийн бүх үе, олон үеийн iPhone, AirPods болон Apple Watch-ийн нээлтүүд багтана. Тэрээр мөн Mac компьютерийг Intel процессороос Apple-ийн өөрийн silicon чип рүү шилжүүлэх ажлыг удирдсан аж.
“Ялгарал” хайж буй Apple
Hardware болон бүтээгдэхүүний чиглэлийн хүнээр Apple шинэ CEO-оо сонгосон нь Күүкийн үеийн хамгийн том шүүмжлэл болох “Apple хангалттай инновацлаг байхаа больсон” гэх шүүмжлэлийг дуусгавар болгох оролдлого гэж шинжээчид үзэж байна.
Күүкийн үед Apple-ийн ашиг дөрөв дахин өсөж, дэлхий даяар бүтээгдэхүүний борлуулалт асар өргөжсөн ч бүтээгдэхүүний үндсэн шугамууд харьцангуй тогтвортой хэвээр байсан юм.
Forrester-ийн ахлах шинжээч Дипанжан Чаттержи Күүкийг Apple-д санхүүгийн тогтвортой байдал авчирсан гэж магтсан ч “Тэр iPhone шиг Apple-д дараагийн 20 жилийн амжилтыг авчрах шинэ бүтээгдэхүүн бүтээж чадаагүй” хэмээжээ. Түүний хэлснээр Apple өсөлтийн дараагийн хөдөлгүүрээ хайж байгаа ч бүтэц талаасаа iPhone-оос хэт хамааралтай хэвээр байна.
“Үйл ажиллагааны хүн” vs “Алсын хараатай хүн”
Стив Жобстой 10 гаруй жил хамтран ажилласан creative director Кен Сегалл BBC-д “Тим хэзээ ч ‘operations guy’ гэсэн дүр төрхөөсөө бүрэн салж чадаагүй” хэмээн ярьжээ. Тэрээр “Хүмүүс Стив болон Тимийн ялгааг ярихдаа яг үүнийг хэлдэг. Стив бол алсын хараатай бүтээгч. Харин Тим бол түүний дараа ирсэн үйл ажиллагааны мастер” гэж тайлбарласан байна.
DA Davidson компанийн гүйцэтгэх захирал Гил Луриа шинэ CEO hardware талдаа хүчтэй хүн байгаа нь Apple foldable phone, ухаалаг нүдний шил зэрэг шинэ төхөөрөмжүүдэд илүү төвлөрөх дохио гэж үзэж байна.
AI-ийн эрин дэх Apple
Сүүлийн жилүүдэд Apple хиймэл оюун ухааны (AI) салбарт өрсөлдөгчдөөсөө удаан хөдөлж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарсан. Тус компани эцэстээ Google болон OpenAI-ийн технологийг өөрийн үйлдлийн системүүдэд нэгтгэх болсон. Томилгооны дараа OpenAI-ийн CEO Сам Алтман X платформ дээр: “Тим Күүк бол домог. Түүний Apple-д хийсэн бүхэнд би талархаж байна” хэмээн бичжээ.
Тим Күүк анх Apple-д ирэхдээ hardware эсвэл бүтээгдэхүүний хүн байгаагүй. Тэр IBM болон Compaq зэрэг компаниудад үйл ажиллагаа болон борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бизнесийн удирдагч байсан юм. Харин Стив Жобс бол шинэ технологийн бүтээгдэхүүн санаачилж, дэлхийд таниулдаг алсын хараатай удирдагч гэдгээрээ алдартай байлаа. Күүкийн үеийн хамгийн том бүтээгдэхүүний нээлтүүдийн нэг болох Apple Vision Pro ч хэрэглэгчдийн дунд төдийлөн амжилт олоогүй. Гэсэн ч түүний operational leadership буюу үйл ажиллагааны удирдлагын ур чадвар түүнийг бизнесийн түүхэн дэх хамгийн амжилттай удирдагчдын нэг болгож үлдээх нь гарцаагүй.
Google, Microsoft, Meta зэрэг компаниуд AI-д жил бүр хэдэн зуун тэрбум доллар зарцуулж байхад Apple илүү болгоомжтой хандсаар ирсэн. Харин шинэ CEO-тай болсноор Apple AI-ийг hardware-тэйгээ илүү гүн нэгтгэх стратегид анхаарч эхлэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: BBC