Apple компани iPhone гар утсыг хамгийн анх 2007 онд танилцуулснаас хойш 18 жилийн хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл бидний сайн мэдэх iPhone энэ жил насанд хүрч байна.
iPhone (1st generation) моделыг өөрсдийн "iPhoneOS 1" үйлдлийн системийн хамт бүтээснээр хүмүүсийн амьдралд гайхалтай өөрчлөлтийг авчирч систем нь улам сайжирсаар байгаа билээ. Тэд үйлдлийн системийн нэрийн арын тоог жил бүр нас нэмэхтэй адил ахиулдаг уламжлалтай.
2010 онд үйлдлийн системийн нэрийг товчлон iOS нэртэй болгосноос хойш нэршилд огт өөрчлөлт оролгүй ирсэн.
Харин энэ оны зургаадугаар сард болсон Apple хөгжүүлэгчдийн хамгийн том чуулга WWDC арга хэмжээний үеэр хэний ч төсөөлөөгүй мэдэгдэл хийсэн нь iOS 18 хувилбараас iOS 26 хувилбарт үсэрсэн явдал байв. Ийнхүү iOS үйлдлийн системийн нэршил 18 жилийн дараа огцом өөрчлөгдөв. Учир нь насаар биш тухайн хувилбар хэрэглэгдэх эцсийн оныг албан ёсны нэршилд оруулж өгсөн. Жишээ нь 2025 оны намар шинээр гарсан хувилбар 2026 оны намар дараагийн хувилбар гарах хүртэл ашиглагдах тул iOS 26 хэмээн нэрийдэх болсон гэж Apple мэдэгдэв.
Ингээд бид энэ намар iOS 26, macOS Tahoe 26, iPadOS 26, watchOS 26, tvOS 26, visionOS 26 гэх мэт дараагийн онтой уялдуулан дугаарласан шинэ үйлдлийн системийг хэрэглэж эхлэхээр боллоо.
Яагаад ингэж нэрлэх болсон бэ?
• 2025 онд шинээр гарсан хувилбар iOS 19 нэртэй байх нь хэрэглэгчид хуучин, хоцрогдсон систем хэрэглэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, аль хувилбар нь сүүлийнх вэ гэдэгт эргэлзэх байдал төрүүлдэг байсан. Харин одоо дараа оноор системийн нэршлийг сольж буй нь хамгийн сүүлийн хувилбар ашиглаж байгааг хялбар ойлгоход хүргэнэ.
• Хэрэглэгч хэзээ дараагийн хувилбар гарахыг мэдэж болно. Жишээ нь iOS 26 хувилбарыг та 2026 онд шинэ хувилбар гарах хүртэл хэрэглэх нь гээд хялбархан ойлгоход болно.
Шинээр юу нэмэгдсэн бэ?
• "Liquid Glass" нэртэй шинэ дизайн нь илүү орчин үеийн, шилэн мэт, тунгалаг элементийг ашиглажээ. Icon, товчлуур, menu зэрэг бүх харагдах байдал бүрэн өөрчлөгдсөн.
• Lock Screen дээр харагдах цаг, мэдэгдэл, дуу хөгжим тоглуулах харагдцуудад олон шинэ сонголт нэмэгдсэн.
• Messages аппликейшн цоо шинэ өнгө үзэмжтэй болсон. Магадгүй танд бидний мэдэх iPhone биш, огт өөр шинэ үеийн iPhone барьж байгаа мэт мэдрэмж төрж болох юм.
• Adaptive Power Mode зэрэг зай (battery) бага зарцуулах шинэ горимтой болсон.
• Camera аппликейшны харагдах байдал бүрэн шинэчлэгдсэн.
• Дуудлага хийх болон дугаарын дэвтэр харагдах байдал Liquid Glass болон өөрчлөгдсөн.
Жишээ нь блок хийсэн дугаарын урд улаан тэмдэг харагдана.
Хүмүүс iOS 26 талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
• Шинэчлэлт хийсний дараа battery хурдан дуусаж байгаа мэт санагдах болсон талаар олон хэрэглэгч бичиж байгаа юм. Харин Apple-ийн зүгээс бид маш олон шинэ зүйлсийг системд нэмсэн учир таны утас илүү их үйлдэл хийх, цэнэг ихээр ашиглах шаардлагатай болсноос ингэж санагдаж байж болно гэсэн хариу өгсөн юм.
• Шилжилт хөдөлгөөн (animation) илүү бодит, сонирхолтой мэдрэмж төрүүлж байгаа. Жишээ нь түгжээг тайлах, аппликейшн нээгдэх, мэдэгдэл ирэх гэх мэт.
Мэдээж энэ хувилбар бол том хэмжээний өөрчлөлт хийгдсэн шинэчлэлт учир алдаа дутагдал гарч болно. Та бүхэн iOS 26 хувилбарт ахиулах эсэхийг албан ёсны мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авсны дараа шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
Харин шинэчлэлт (update) хийхээсээ өмнө зураг, мессеж зэрэг чухал мэдээллээ нөөцлөх (backup)-өө мартав аа 😀