Бидний хэрэглээг илүү ухаалаг хялбар болгох хиймэл оюун хөгжсөөр Google-ийг орлож магадгүй ChatGPT хүртэл гарсан. Харин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ухаалаг утас, таблетийг үйлдвэрлэдэг Apple компани энэ тал дээр юу хийж байгаа бол?
Юуны өмнө тэдний талаар дурдах ёстой нэг зүйл бол Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани юм. 2023 оны 09 сарын 12 өдрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний өмнөх байдлаар гэхэд $2.77T (их наяд) буюу бараг 3 орчим их наяд америк долларын үнэлгээнд хэлбэлзэж байна. Тэгэхээр 2 тэрбум гаруй төхөөрөмж борлуулсан компанийн хувьд гайхамшигтай зүйлийг бид хүлээж байгаа.
Одоогоор Apple-ийн "Foundational Models" нэртэй баг хиймэл оюун ухаан дээр ажиллаж байгаа бөгөөд багийн гишүүд ердөө 16 аж. Гол төсөл нь хиймэл оюун ашиглаж хүнтэй харилцан яриа үүсгэх төсөл юм. Хэдийгээр 16 ажилтантай хэдий ч хиймэл оюундаа хүний хэлийг илүү сайнаар сургахаар өдөрт сая сая доллар зарцуулж байна.
ChatGPT төслийн хувьд GPT-4 хувилбарыг бүтээхэд 100 гаруй сая доллар зарцуулсан талаар гүйцэтгэх захирал нь танилцуулсан. Apple-ийн хувьд мөн хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулах болов уу.
Энгийн үйлчлүүлэгчдийн хэрэглээнд зориулсан боломж нь гэвэл утастайгаа өөрсдийн хэлээр харилцан олон үйлдлэлт зааварчилгаа өгөх, мэдээллийг илүү хялбар, ойлгомжтой, товчхон байдлаар бодит хүнтэй харьцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйцээр авах, түүнчлэн зураг, бичлэгийг автоматаар үүсгэх, засварлах, өөрсдийн зураг бичлэгээ Metaverse хувилбарт шилжүүлэх зэрэг байх юм.
Ойрын хугацаанд бидэнд хүрэх үйлчилгээний хувьд Siri багийнхан олон үйлдэлт дуугаар удирддаг автоматжуулалтуудыг iOS 18 хувилбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.